|Friday, October 31, 2014

Махны ханш өмнөх сарынхаас буурсан 

Ням гарагийн өглөө 05.00 цагийн үед махны ханш судлахаар Дэнжийн 1000-д байрлах Хүчит шонхор захыг зорьлоо. Уг зах албан ёсоор өглөөний 04.00 цагт онгойдог. Гэвч бойнд  яваад ирсэн хүмүүс шөнийн хоёр, гуран цагийн үед ч ирэх нь бий. Мах бэлтгэн нийлүүлэгчид махаа сайн борлуулахын тулд тохиромжтой байрлал сонгохоор эрт ирдэг юм байна. Учир нь “Хүчит шонхор” зах мах нийлүүлэгчдийн хувьд талбай багатай жижиг зах юм. Улаанбаатарчуудыг дуг нойрондоо дугжирч байх хооронд энд амьдрал буцалж байдаг.

Урьд өдөр буюу Бямба гарагийн өглөөний 11.00 цагийн орчим “Хүчит шонхор” зах дээр мах бэлтгэн нийлүүлэгч Ө.Сарантуяатай уулзсан юм. Тэрбээр “Бидний ажил одоо дуусч байна. Ер нь өглөө 04.00-06.00 цагийн хооронд бид үндсэн ажилаа хийдэг” гээд маргааш өглөө 05.00 цагийн үед ирэхийг бидэнд санал болгосон юм.

Биднийг Хүчит шонхор зах дээр очиход энд мах өгөхөөр ирсэн малчид, мах бэлтгэн нийлүүлэгчид, мах худалдан авагчид гээд энэ бизнесийг эрхэлдэг бүх л хүмүүс цугларсан байлаа. Хонь ямааны махыг гулууз, гулуузаар нь мөрөн дээрээ үүрэн алхлах хүмүүс ч харагдана. Мах бэлтгэн нийлүүлэгч Ө.Сарантуяагаас хэдэн зүйл тодрууллаа.

-Гулууз мах ямар ханштай байгаа вэ?

Хоньны гулуузыг дотор нь төлөг, шүдлэн, хязаалан, нас гүйцсэн эм хонь гэж ангилдаг. Төлөг 60-80 мянгын хооронд, эр хонь 100-150 мянга. Ямааны хувьд борлон 40-50 мянган төгрөгний ханштай байна. Том сэрх, нас гүйцсэн эр хонь 100 мянга хүрч байна.

-Махаа хаанаас авч байна?

Махаа зах дээрээс ч авна, малчны хотонд ч очиж авдаг.

-Махны үнэ ханш өмнөх саруудтай харьцуулахад ямар байна?

Махны үнэ өмнөх сарыг бодвол энэ сард хямд байна. Долдугаар сард хамгийн дээд ханш 7500, наймдугаар сард 6500 байсан. Одоо хонины махны дээд ханш таван мянга. Гэхдээ бид 4600-д зарж байна.

-Махны ханш өмнөх сарынхаас хямдарсан гэж байна. Ямар шалтгаанаас хямдрав?

Махны үнэ өмнөх сарынхаас хямдарсан шалтгаан нь оюутнуудыг найман сард төлбөрөө хий гэдэг шаардлагыг тавиагүй байсан. Харин энэ сарын 25-аас өмнө төлбөрийнхөө хагасыг эсвэл бүтнээр нь төл гэдэг шаардлага тавигдсан. Үүнээс үүдээд оюутнууд төлбөрөө хийхийн тулд махны нийлүүлэлт ихсэж оюутны төлбөрийн махнууд орж ирж байна. Иймээс өмнөх сард унаагүй байсан махны ханш энэ сард унаж байна. 10 сард нөөцийн мах аваад ирэхээр энэ ханш буцаад өсч магадгүй.

Уг нь жилийн хамгийн хямд мах наймдугаар сарын 10-аас хойш байдаг байсан юм. Энэ жилийн тухайд тодорхой шийд гараагүй, төр засаг нь ч эмхлэгдээгүй байсан учраас хүмүүс төлбөрөө хийлгүйгээр орж ирсэн байх. Одоо төлбөр орж ирж байна гэсэн үг.

-Та махнаас хэдэн төгрөгний ашиг олж байна?

Нэг килограмм махнаас 50-250 төгрөгний ашиг олдог. Нэг тонн мах авбал надад 50 мянгаас 250 мянган төгрөгний ашиг унана гэсэн үг.

-Долоо хоногийн хамгийн гүйлгээтэй өдөр хэддэх өдөр вэ?

Хамгийн гүйлгээтэй өдөр Лхагва гараг. Яагаад гэвэл малчид Мягмар гарагт улай үздэггүй. Мах бэлтгэн нийлүүлж байгаа хүмүүс л Мягмар гарагт бой хийдэг. Бас Даваа гарагт Хар хорин зах, Мягмар гарагт Нарантуул зах амардаг. Гуравдахь өдөр бүх хүнсний захууд ажилладаг. Тиймээс хамгийн ашиг орлоготой өдөр нь энэ.

-Чэнжүүд махны үнийг хөөрөгдөж байна гэж хүмүүс ойлгодог. Энэ талаар та ямар бодолтой байна?

Бид өөрсдийгөө чэнж гэж хэлүүлэх дургүй. Учир нь чэнж гэдэг чинь бэлэн юмыг худалдаж аваад мөнгө нэмээд зардаг хүмүүсийг хэлж байгаа юм. Бид бол мах бэлтгэн нийлүүлэгчид. Учир нь бид өөрсдөө бойчдоо дагуулж малчны хотонд очоод малаа гаргуулж тэдэнд хөлс өгдөг. Тэгээд зах дээр авч ирж өөрсдөө махныхаа гэдэс дотор, арьсыг нь ялгаад худалддаг хүмүүс. Тэгэхээр бид бол үйлдвэрлэгчид гэсэн үг.

Хүчит шонхор зах дээр хонины мах нэг килограмм нь 6000-6500, үхрийн мах 7000-7400, адууны мах 5000-5300, ямааны мах 5800 төгрөгний ханштай байлаа.

Тус захаас гараад хотын төвд байрлах Саруул захруу явлаа. Энэ захын хувьд махаа Хүчит шонхор захаас бөөндөж авдаг. Энд хонины мах 8000, үхрийн мах 10 мянга, гахайн мах 7000 төгрөгний ханштай байв. “Улаанбаатарт амьдарч байгаа бидний хувьд махаа харьцангуй өндөр үнээр худалдаж авч байгаа. Монгол Улс гуравхан сая хүнтэй хирнээ 50 сая орчим малтай. Хүн амтай нь малынх нь тоог харьцуулахад 10, 20 дахин их байна. Ийм их малтай хирнээ нэг кг махыг 6000-9000 төгрөгөөр авч байна гэдэг байж боломгүй хэрэг” гэж мах худалдан авагч бүсгүй ярив.

Бидний дараагийн орсон газар бол “Меркури” худалдааны төв байлаа. Энэ зах дээр ааруул идээ, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, мах, гурил гээд хүнсний бүхий л төрлийн зүйл байна. Энд нэг кг үхрийн мах 9500-9800, хонины мах 8600-8800, гахайн мах 7500-8500 төгрөгний ханштай байв. Худалдагчдаас махны үнийн талаар асуухад “Хүмүүс махны үнийг биднийг хэд дахин нэмж зарж байна гэж ойлгодог. Гэтэл бид чэнжүүдээс ястай махыг кг-ийг нь 4500-аар тооцож авдаг. Дараа нь бид махаа шулуулаад ясыг нь зүгээр л хаядаг. Ингээд ясны үнийг маханд шингээж, дээрээс нь өөрсдийн цэвэр ашриг болох 200 төгрөгөө нэмээд зардаг.” гэв.

Ч.Алтанчимэг

Санал болгож буй мэдээ:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Anguuch.MN хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн
сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99024852 утсаар хүлээн авна

Сэтгэгдэл бичих